НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэвлэх

Танилцуулга - Ерөнхий

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   Товч танилцуулга:

   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тушаал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн № 04 тогтоолоор Нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг шинэчлэн, Нийгмийн даатгалын төв байгууллагын удирдлагыг дарга, дэд дарга, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газар, Санхүү бүртгэлийн газар /БНСУ дахь төлөөлөгчийн газартай/, Хяналт шинжилгээ, үнэлгээний газар, Тамгын газар /Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Өмчийн харилцааны хэлтэстэй/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Эрүүл мэндийн даатгалын газар, Мэдээллийн технологийн төвтэй тус тус байхаар баталсан. 



   Орон нутгийн хэмжээнд даатгуулагч, иргэдэд нийгмийн даатгалын бүхий л үйлчилгээг 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн нийгмийн даатгалын байгууллагууд хариуцан гүйцэтгэж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ



 

    Нийгмийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны эрхэм зорилго:

   Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлсэн, даатгуулагчийн эрхийг дээдэлсэн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

    Нийгмийн даатгалын байгууллагын стратеги зорилт:

   Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд хөнгөн шуурхай хангаж, нийгмийн даатгалын асуудлаар бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

   Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

  •  Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэн шимтгэлийн орлогыг бүрдүүлж, нийгмийн даатгалын сангийн бие даасан тогтвортой байдлыг хангах замаар сангийн зарлагын гүйцэтгэлийг хангах
  •  Тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн түвшинд чанартай үйлчилгээ үзүүлэх;
  •  Байгууллагын гадаад, дотоод харилцааг өргөжүүлж, ажил олгогч, даатгуулагчтай хамтран ажиллаж хуулийг сахиулах, тэдний эрх ашгийг хамгаалах, даатгуулагч төвтэй, төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх;
  •  Даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;
  •  Нийгмийн даатгалын цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх замаар түүний ашиглалт, үйлчилгээг нийтэд хүртээмжтэй, ил тод болгож, нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалсан олон нийтийн хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна.


   Нийгмийн даатгал:

   Нийгмийн даатгал нь даатгуулагч болон аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч нь өндөр наслах, тахир дутуу болох болон хөдөлмөрийн чадвар түр алдах , жирэмслэх, хvvхэд төрvvлэх, осолд өртөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээ мөн.

   Нийгмийн даатгалын хэлбэр:

  •  Албан журмаар даатгуулах
  •  Сайн дураар даатгуулах

   Албан журмын даатгалд дор дурдсан ажил олгогч, даатгуулагч даатгуулна:

  •  Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны, буяны болон бусад байгууллага, иргэнтэй Хөдөлмөрийн болон Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн,
  •  МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, МУ-ын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн,
  •  Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч
  •  Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа МУ-ын иргэн

   Сайн дурын даатгалд дор дурдсан иргэд даатгуулна:

  •  Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд
  •  Малчид
  •  Газар тариаланчид
  •  Бичил уурхайгаас гар аргаар олборлолт хийж буй иргэд
  •  Монгол Улсын аль нэгэн байгууллагад ажиллаагүй тус улсад байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн

   Нийгмийн даатгал нь дараах 5 төрлийн сангаас бүрдэнэ:

  •  Тэтгэвэрийн даатгалын сан
  •  Тэтгэмжийн даатгалын сан
  •  Эрүүл мэндийн даатгалын сан
  •  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан
  •  Ажилгүйдлийн даатгалын сан

   Нийгмийн даатгалын сангуудын зориулалт:

   Тэтгэвэрийн даатгал

  •  Өндөр насны тэтгэвэр
  •  Тахир дутуугийн тэтгэвэр
  •  Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

   Тэтгэмжийн даатгал

  •  Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  •  Жирэмсний, амаржсаны тэтгэмж
  •  Оршуулгын тэтгэмж

   Эрүүл мэндийн даатгал

  •  Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардал
  •  Эмийн үнийн хөнгөлөлт

   Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

  •  Тахир дутуугийн тэтгэвэр
  •  Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  •  Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
  •  Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  •  Тэтгэврийн даатгалын шимтгэл
  •  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан  сэргийлэх арга хэмжээний зардал /сургалт, сурталчилгаа/
  •  Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардал

   Ажилгүйдлийн даатгал

  •  Ажилгүйдлийн тэтгэмж
  •  Сургалтын болон давтан сургалтын зардал


   Нийгмийн даатгалын холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб хуудаснаас авна уу.