"Хөтөлбөр батлах тухай" /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 283 дугаар тогтоол

Хэвлэх

Засгийн Газрын тогтоол - Нийгмийн халамж


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2006 оны 11 дүгээр                                                                                                                                                                                               Улаанбаатар
сарын 21-ний  өдөр                                                                                      Дугаар 283                                                                                                      хот


Хөтөлбөр батлах тухай
/Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж түүнд шаардагдах зардлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцын тайланг жил бүрийн I улиралд багтаан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ирүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын нэгдсэн дүнг жил бүрийн        П улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 202 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.




Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                    М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал,                                                                                                              
хөдөлмөрийн сайд                                                                                             Л.ОДОНЧИМЭД



Засгийн газрын 2006 оны 283 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт    


ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ
ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэн амьдралын чанараа дээшлүүлэх, тэдэнд тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд дэлхий нийт онцгой анхаарч байна.

НҮБ-аас 1993-2002 оныг Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих 10 жил болгон зарлаж энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 1998 оноос Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.

Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр /1998-2003/-ийг хэрэгжүүлэх хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо дээшилж тэдний эрхийг хангах талаар нийгмийн сэтгэл зүйд эерэг хандлага бүрэлдсэн гэж Засгийн газар дүгнэсэн.

2003-2012 онд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хоёр дахь 10 жилийн ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүрэн оролцоог хангасан, ая тухтай, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэх талаархи үйл ажиллагааны “Бивакогийн мянганы хөтөлбөр”-ийг НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос баталсан.

“Бивакогийн мянганы хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш боломжийг хангах, эрхийг нь хүндэтгэх, боломж, чадавхийг нь нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг НҮБ-аас бүсийн улс орнуудын Засгийн газарт зөвлөсөн билээ.  

Монгол Улс 2005 оны байдлаар 2562.4 мянган хүн амтай байгаагийн 2.8 хувь буюу 69263 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 55.2 хувийг эрэгтэйчүүд, 44.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдний   35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд байна.

2004 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж 26.4 хувь хөдөлмөр эрхэлж байгаа нь тэдний амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.          

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээнд хамрагдах сонирхол, бэлэнчлэх сэтгэлгээ их байгаагаас тэдэнд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан хөгжүүлж амьдрах идэвх, чармайлт хангалтгүй байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хязгаарлагдмал чадавхи боломжийг ойлгож хүндэтгэх, онцлог хэрэгцээнд нь тулгуурласан үйлчилгээг сайжруулах замаар тэднийг дэмжин хөгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх замаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаагаараа нийгмийн хамгаалал, аж байдалд нь түлхүү анхаарсан өмнөх хөтөлбөрөөс ялгаатай юм.

Хөтөлбөрийг НҮБ-аас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд адил тэгш боломж олгох тухай үлгэрчилсэн журам, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 159 дүгээр тогтоолоор батлагдсан  Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нөхөн сэргээлтийн талаархи конвенц, Бивакогийн мянганы хөтөлбөрийн үзэл санаанд нийцүүлэн боловсруулсан болно.


Хоёр. Хөтөлбөрийн зорилго


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэнэ.


Гурав. Хөтөлбөрийн зарчим


•         Тэгш байдлын зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жирийн иргэдийн нэгэн адилаар нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах боломжийг тусгасан байна.

•         Боломж олгох зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгосон байна.

•         Дэмжлэг үзүүлэх зарчим
Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

•         Бодлогыг уялдуулах зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төрийн бодлогыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулсан байна.  

•         Хүртээмжтэй байх зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хөгжлийн аливаа үйл явцад бүрэн хамруулж, түүний үр шимийг хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.


Дөрөв. Хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт


Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:  

Нэгдүгээр үе шат 2006-2008 он;
Хоёрдугаар үе шат 2009-2012 он.

Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

1) улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

2) хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив, зээл;

3) төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;                                                                                                                                                                                    
4) гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

5) бусад эх үүсвэр.


Тав. Хөтөлбөрийн зорилт


1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулан мэдээлэл харилцааны технологийг хөгжүүлэх.

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх.

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, мэдээллээр хангагдах орчинг сайжруулах.

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх замаар тэдний  нийгмийн хамгааллыг сайжруулах.

6. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, тэдний бие бялдар, мэдрэхүй, сэтгэц, оюун санаа, эрүүл мэндийн сэргээн засалтын үйлчилгээг сайжруулах.

Зургаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх.

Үр дүн 1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж, тэдэнд хандах нийгмийн эерэг орчин бүрдсэн байна.

Үйл ажиллагаа

1.1.1.         Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зохистой харьцах, түүнчлэн тэднийг ялгаварлах, хүчирхийлэх аливаа хэлбэрийг устгахад чиглэсэн сурталчилгааны ажил хийх, нийгмийн ажилтан болон сургалтын байгууллагын ажилтныг үе шаттайгаар энэ чиглэлийн сургалтад хамруулах;

1.1.2.          Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог байдлын талаар мэдлэг олгох чиглэлээр сурталчилгаа хийх;

1.1.3.          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах гэж буй арга хэмжээний тухай хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх;

1.1.4.          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа  шийдвэрлэвэл зохих асуудал, эрхийн талаар судалгаа хийх;

1.1.5.         Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зүй бусаар харьцах, үл хайхрах, тоомсорлохгүй байх, гадуурхах явдлыг таслан зогсооход чиглэсэн сурталчилгаа хийх.

Үр дүн 1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэл санаачилгын байгууллагын чадавхийг бэхжүүлэх замаар тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа

1.2.1.          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн санаачилсан төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд төрөөс арга зүй, мэдээллээр дэмжлэг үзүүлэх;

1.2.2.         Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах;

1.2.3.        Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөгжүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон улсын болон бүсийн байгууллагатай хамтран ажиллах;

1.2.4.          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Засгийн газраас хэрэгжүүлэх зарим арга хэмжээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх;

1.2.5.        Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдах олон улсын болон бүсийн уралдаан тэмцээн, хурал зөвлөлгөөнд тэдгээрийг төлөөлөн оролцох иргэний нийгмийн байгууллагад дэмжлэг үзүүлэх.

Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулан, мэдээлэл харилцааны технологийг хөгжүүлэх.

Үр дүн 2.1.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтэй саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн барилга байгууламж, зам талбайг томоохон хотуудад бий болгоно.

Үйл ажиллагаа

2.1.1. Нийтээр цуглардаг гудамж, талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд  саадгүй зорчиход зориулсан зам, замын тэмдэг, дуут дохиог бий болгох;

2.1.2. Шинээр баригдаж байгаа барилга байгууламж болон эмнэлэг, үзвэр, үйлчилгээ, худалдаа, олон нийтийн байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн дэд бүтцийг бий болгох;

2.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олноор сурдаг сургуулийн барилгыг тусгай тоноглолоор хангах;

2.1.4. Сэргээн засалтын чиглэлээр ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй саадгүй зорчих дэд бүтцийг жишиг байдлаар бий болгох.

Үр дүн 2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүртэх боломж сайжирч, мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ.

Үйл ажиллагаа

2.2.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүртэх боломжийг сайжруулах, ном, сонин, сэтгүүл, интернетийн хэрэглээг нэмэгдүүлэх;

2.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны тусгай техник, компьютерийн хангамжийг нэмэгдүүлэх;

2.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютерийн программ хангамжийн нийлүүлэлт, хэрэглээг сайжруулах;

2.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, кино бүтээх, сурталчилгааны үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх.

Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх.

Үр дүн 3.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмших, ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжлийн сургалтын чанар, хүртээмж сайжирсан байна.

Үйл ажиллагаа
3.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад үндэслэн тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах, шинээр мэргэших, хос мэргэжил эзэмших сургалтыг зохион байгуулах;

3.1.2. Онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий сургалтын төвийг бүсийн төвийг түшиглэн байгуулах;

3.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байран дээр сургах сургалтыг ажил олгогчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулах;

3.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бизнес эрхлэх, удирдах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт явуулах, уг чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх;

3.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бизнес инкубаторт хамрагдах боломжийг өргөжүүлэх;

3.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн богино хугацааны сургалт, семинар зохион байгуулж байх.

Үр дүн 3.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, тэдний хөдөлмөр эрхлэх таатай нөхцөл бий болсон байна.

Үйл ажиллагаа

3.2.1. Өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хуульд заасан хувь хэмжээгээр ажиллуулах асуудлыг хамтын хэлэлцээр, байгууллагын дотоод журамд тусгах, хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлдвэрлэл, тусгай ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

3.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ажлын байр гаргасан, үйлдвэрлэл зохион байгуулалтад өөрчлөлт хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах боломжийг бүрдүүлсэн, ажлын байран дээрх сургалт, ганцаарчилсан тусламж, орчуулагчийн үйлчилгээ үзүүлсэн зэрэг ажлын байранд таатай уур амьсгал бүрдүүлэн ажиллаж байгаа ажил олгогчийг дэмжих;

3.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;

3.2.5. Богиносгосон цагаар болон гэрээр ажиллах боломжийг бүрдүүлж цалин хөлс, ажлын цагийн уян хатан зохицуулалтыг бий болгох талаар хөдөлмөрийн хууль тогтоомжид тусгах.

Үр дүн 3.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх орчинг бүрдүүлнэ.

Үйл ажиллагаа

3.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн, яармаг худалдаа зохион байгуулах санал санаачилгыг дэмжих;

3.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх;

3.3.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа нэгдэн орлогоо нэмэгдүүлэх санал санаачилгыг дэмжиж зээл олгох, зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг бий болгох асуудлыг судлан хэрэгжүүлэх.

Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, мэдээллээр хангагдах орчинг сайжруулах.

Үр дүн 4.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд тулгуурласан боловсролын тогтолцоо бүрдсэн байна.

Үйл ажиллагаа

4.1.1. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сурч хөгжих нөхцөл боломжоор хангах замаар тэдний боловсролын түвшинг нэмэгдүүлэх;

4.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай анги бүлэгт багшлах согог зүйч, хэл засалч багш бэлтгэх,  тэдгээрийг урамшуулах тогтолцоог шинэчлэх;

4.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн анги, танхим, бүлэг, дотуур байрыг тусгай тоног төхөөрөмж, хүүхдийн бие бялдрын болон сэтгэцийн хөгжлийг идэвхжүүлэх тоглоом, хэрэгслээр хангах;

4.1.4. Хөгжлийн бэрхшээлийн хүнд хэлбэр /оюун ухааны болон бие эрхтэн/-ийн согогтой хүүхдийг тусгай цэцэрлэг, анги, бүлэгт хамруулан тэдний согогийг засах, сэргээхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

4.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сурах бичиг, ном, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж, хүрэлцээг нэмэгдүүлэх;

4.1.6. Тусгай анги, бүлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг судлан шийдвэрлэх;

4.1.7.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг тодорхойлох болон амьдралын нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийх, албан сургалтад хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурлагын амжилт, хөгжлийн үнэлгээг тогтмол хийж байх;

4.1.8.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэлэгт болон хөнгөлөлттэй нөхцөлөөр сурах, сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах зэргээр тасралтгүй суралцах нөхцөлийг бүрдүүлэх.

Үр дүн 4.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи статистик мэдээ, мэдээлэл, судалгаа сайжирч, тэдний мэдээллийн хүртээмж нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа

4.2.1. Нас, хүйс, амьжиргааны түвшин болон хөдөлмөрийн чадвар алдалтын төрөл, хэлбэр зэргээр ангилсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи мэдээллийг цуглуулах;

4.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдсэн мэдээллийн сүлжээ байгуулахыг дэмжих;

4.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны шинэ техник, технологийг эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх;

4.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, ялангуяа хөдөө орон нутагт бичиг үсэг сургах албан бус болон зайны сургалт зохион байгуулж байгаа иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

4.2.5. Олон улсын хэл ярианы стандарт, кодчилол, загварыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэний дохионы хэлийг сайжруулах, боловсронгуй болгох;

4.2.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн үржихүйн талаархи мэдээлэл, сургалт, сурталчилгааг тэдний хэрэгцээнд тулгуурлан хийх, түүнд гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийг нь хамруулах;

4.2.7. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж дохионы хэлний орчуулгатайгаар мэдээлэл олгох асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх.

Зорилт 5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх замаар тэдний  нийгмийн хамгааллыг сайжруулах.

Үр дүн 5.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээнд тохирсон, чанартай, хүртээмж бүхий нийгмийн хамгааллын тогтолцоо бүрдсэн байна.

Үйл ажиллагаа

5.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авах;

5.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ болон судалгаанд үндэслэн тэдэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэр төрлийг боловсронгуй болгож хөгжүүлэх;

5.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгож байгаа нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх;

5.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх;

5.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөлжсөн асрамжийн газрыг бүсийн төвүүдэд байгуулах;

5.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг нийгмийн ажилтны чадавийг сайжруулах;

5.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлж байгаа нийгмийн хамгааллын үйлчилгээний чанарыг үнэлэх тогтолцоог бий болгох.

Үр дүн 5.2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг чадваржуулах, ядууралд өртөж байгаа хүчин зүйлсийг бууруулах үйл ажиллагаа идэвхжсэн байна.

Үйл ажиллагаа

5.2.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ядууралд өртөж байгаа шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, ядуурлыг бууруулах, амьжиргааны чадавхийг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрт зуучлан хамруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

5.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын дадал, авъяасыг дэмжих, зөвлөх, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг оролцуулан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах;

5.2.3. Насжилтын асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээний асуудалтай уялдуулан авч үзэх;

5.2.4.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийн үйл ажиллагааг дэмжих.

Зорилт 6. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, тэдний бие бялдар, мэдрэхүй, сэтгэц, оюун санаа, эрүүл мэндийн сэргээн засалтын үйлчилгээг сайжруулах.

Үр дүн 6.1. Бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүй, мэдрэлийн гэмтэл согог үүсэхээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Үйл ажиллагаа

6.1.1.   Эмийн зохистой хэрэглээ, түүнчлэн хүнсний болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;

6.1.2.   Осол гэмтэл болон байгалийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн, анхааруулга, санамжийг түгээх;

6.1.3.   Эрүүл аж төрөх ёсонд сургах, халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга, сурталчилгааг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах;

6.1.4.   Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горимыг ханган ажиллах талаар ажил олгогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах;

6.1.5.   Удамшлын өвчний шалтгааныг тогтоон дараагийн үе удамд дамжихаас хамгаалах арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх;

6.1.6.   Эрүүл мэндийн талаархи залуу эцэг, эхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж эмгэг согогтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх.

Үр дүн 6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүйн чадварыг нөхөн сэргээх, хэвийн түвшинд хүрэхэд нь туслах, амьдралаа өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ сайжирсан байна.

Үйл ажиллагаа

6.2.1.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэний алдагдсан чадварыг нөхөн сэргээх, орлуулах протез, ортопедийн техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих;

6.2.2.   Хүнд зэргийн буюу олон хэлбэрийн хөгжлийн бэрхшээлд өртсөн хүмүүст ганцаарчилсан тусламж, үйлчилгээг үзүүлэх сайн дурын ажилтныг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр ажиллуулах;

6.2.3.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн сэргээн засах үйлчилгээг үзүүлэх кабинет, төвийг байгуулан ажиллуулах;

6.2.4.   Сэргээн засалч бэлтгэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд сэргээн засах чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулах;

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих,
үнэлгээ хийх

1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангана.

2. Хөтөлбөрийн үр дүнг 2008, 2012 онд дараахь шалгуурыг баримтлан дүгнэнэ:

1)      хүүхэд, өсвөр үеийнхнээс замын хөдөлгөөний осолд орсны улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо, нийт хүүхдийн дунд эзлэх хувь;

2)        хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж дэд бүтэц бий болгоход зарцуулсан хөрөнгийн хэмжээ;

3)       нөхөн сэргээлтийн үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дунд эзлэх хувь;

4)        мэргэжлийн чиг баримжаа эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дунд эзлэх хувь;

5)       нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дунд эзлэх хувь;

6)       цэцэрлэг, ясли, сургуульд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн дунд эзлэх хувь;

7)    протез, ортопедийн үйлчилгээний төрөл, чанарын өсөлтийн байдал;

8)    нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо, зарцуулж байгаа хөрөнгө;

9)     хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай мэдээлэл, харилцаа холбооны техник, технологид зарцуулсан хөрөнгийн хэмжээ.


-----оОо-----


Засгийн газрын 2006 оны 283 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт


ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл


2001–2006 онд улсын хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар олон улсын жишиг ангиллын дагуу нарийвчилан гаргасан бүртгэл, төрөлжүүлсэн мэдээллийн сан Монгол Улсад одоог хүртэл байхгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд нь эмзэг асуудлын нэг юм. Хүүхдийн хөгжлийн бэрхшээл гол төлөв бага насанд илэрдэг боловч зөв оношлох, эмчлэх үйл ажиллагаа чанартай хийгдээгүйн улмаас олон хүүхэд эдгэрэх боломжоо алддаг байна. Орон нутагт хүүхдийн эмчилгээ, эмийн хангамж муу байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг удаан хугацаагаар хэрэглэж чадалгүй өвчин нь хүндрэх явдал ажиглагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 гаруй хувь нь бага насандаа сургуульд суралцдаг боловч анги дэвших тутам энэ үзүүлэлт 14 хувь болтлоо буурч байгаа нь тэднийг суралцахад шаардлагатай нийгэм-сэтгэл зүйн тааламжтай орчин сургалтын байгууллагад бүрдэж чадаагүй байгаатай холбоотой юм. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хуухэд суурь боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал хэвээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66.4 хувь нь орлогын эх үүсвэргүй буюу ам бүлийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс бага байгаа өрхөд амьдардаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэдэн хувь нь нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг, энэхүү хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөж байгааг улсын хэмжээнд тодорхойлдоггүй байна.

Нийгэм–эдийн засгийн олон шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, гэр бүлийн орлого доогуур түвшинд байгааг судалгааны дүн харуулсан бөгөөд энэ нь хүүхдийн эрх, эрэлт хэрэгцээг хангахад саад учруулж улмаар хүчирхийллийн хэлбэр болдог  байна.

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хамгаалал, эрх зүй болон сэргээн засах үйлчилгээний нэр төрөл, хүртээмж, чанар хангалтгүйн улмаас хүүхэд өөртөө тохиолддог хүндрэл, бэрхшээл, зарим талаар бусдаас дутуу дулимаг байгаа байдлаа мэдэрч, өөрийгөө нийгмийн орчноос тусгаарлах, нөгөөтэйгүүр тохирсон тохироогүй дэмжлэг, туслалцааг хэт бэлэнчлэх, мэдлэг, мэдээллийн зөрүүг ухаарахын оронд тулган шаардах, өлсгөлөн зарлах зэрэг үзэл бодлоо илэрхийлэх оновчтой бус арга хэлбэрийг сонгож байна. Энэ нь тэдэнд хандах хандлага, харилцаа, үйлчилгээнд гарсан зөрчлийг шуурхай, шударга шийдвэрлэдэг арга зам болон түүнд суралцах арга зүй үгүйлэгдсэний илрэл мөн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сэтгэл санааны хувьд өөрийгөө жолоодох, ирээдүйд итгэх, тэднийг гадуурхан хайхрамжгүй ханддаг байдлыг арилгах, хүн хүнээ хүндэтгэх зэрэг ёс зүйн зөв чиг хандлагыг төлөвшүүлэхэд биечлэн оролцох шаардлага байсаар байна.

2006 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаархи “Хамтдаа хөгжицгөөе” хүүхдийн Үндэсний чуулганаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж байгаа асуудал нь нийгмийн хөгжлийн асуудлын хавсарга болсноос шийдвэрлэх явцад эзэнгүйдэх явдал ердийн үзэгдэл боллоо гэж үзсэн  байна.

Нийгмийн хөгжлийн явцад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аж байдлыг сайжруулах үйл хэрэгт тэдний оролцоо, эцэг эх, нийгэм, хамт олны хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх цогц, тогтвортой ажиллагаа, зохицуулалтыг хангасан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.


Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго, зарчим


2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хувь хүн, нийгмийн гишүүний хувьд өөрийн сонголт, үзэл бодол, үнэт зүйлстэй байх, бие даасан аливаа үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх тэдгээрийн чадамж, чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөхиүлэн дэмжих орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

а) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьдрах, эсэн мэнд хөгжих, эрхээ хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцоход шаардлагатай мэдээлэл хүртээмжтэй байх;

б) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд санаа бодлоо илэрхийлэх боломжтой байх;

в) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ялгаваргүйгээр гэр бүл, сургууль, хамт олны дунд шийдвэр гаргахад оролцохыг хүлээн зөвшөөрдөг байх;

г) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийн болон нийгмийн сайн сайхан хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагад эвлэлдэн нэгдэх, үүсгэн байгуулахад насанд хүрэгчдийн туслалцаа, дэмжлэгийг авдаг байх.


Гурав. Дэд хөтөлбөрийн зорилт, үр дүн, үйл ажиллагаа


Зорилт 1. Улс болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хүүхдийн оролцох чадварыг нэмэгдүүлнэ.

Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд санал бодлоо илэрхийлэх боломж бүрдсэн байна.

Үйл ажиллагаа

3.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцсэн хэлбэрээр мэдээлэл өгөх, санал бодлыг нь хүлээн авах зорилгоор хүүхдийн эрхийн тухай болон нийгмийн амьдралын талаархи танин мэдэхүйн ном, гарын авлага, хялбаршуулсан сонин, сэтгүүл гарган харилцан мэдээлэх ажлыг зохион байгуулах;

3.1.2.    Улсын болон орон нутгийн статистикийн мэдээ, судалгаанд тулгуурлан хүүхдийн аж байдлыг хянах, үнэлэх үйл ажиллагаанд хүүхэд оролцох хүрээ тогтоох;

3.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэдэнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээний талаар судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол явуулж цаашид авах арга хэмжээг тодорхойлох;

3.1.4.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогийг олон нийтэд таниулах, уг асуудлаар “Хүүхдийн хөрөг” нэвтрүүлэг, нийтлэлийг нэмэгдүүлэх, телевизийн хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэлний орчуулга оруулах арга хэмжээ авах;

3.1.5.    Жил бүр ижил төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, 5 жил тутамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаархи хүүхдийн чуулга уулзалт зохион байгуулж хүүхдийг шийдвэр гаргах түвшинд оролцох болон шийдвэрт үнэлгээ, дүгнэлт өгөх, санал дэвшүүлэх соёлд сургах.

Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аливаа үйл ажиллагаанд оролцох ээлтэй орчин, дэд бүтэц байгуулах эхлэл тавигдсан байна.
Үйл ажиллагаа

3.1.6.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аюулгүй зорчих хаалга, шат, бие засах газрыг нэн тэргүүнд хүүхдийн байгууллагын орчинд бий болгох ажлыг үе шаттай төлөвлөн  зохион байгуулах;

3.1.7  Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн төрөл, хэлбэрийн ангиллаар өсөлт, хөгжлийн онцлог, эрүүл ахуйн стандартад нийцсэн ширээ, сандал, ор, сурах бичиг, тавилгын хангамжийг нэмэгдүүлэх  чиглэлээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулах;

3.1.8.  Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт нийцсэн урлаг, спортын уралдаан, тэмцээний хүрээг өргөжүүлэх замаар оролцоог нэмэгдүүлэх;

3.1.9. Хүүхдийн сургалт, урлаг, спорт, хөдөлмөр-дадлын уралдаан, тоглоом, наадамд шаардлагатай тусгай хэрэглэлийг хүүхдэд хуваарилах, хүргэх, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх;

3.1.10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүл, хамт олноороо амрах, сувилуулах, зугаалах, тоглох бололцоотой зуслан, амралт, сувиллын газар ажиллуулах иргэд, байгууллагын санаачилгад дэмжлэг үзүүлэх;

Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангах бүтцийг бэхжүүлж үйл  ажиллагааг  тогтворжуулна.

Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангах олон нийтийн түншлэл, хамтын ажиллагаа өргөжсөн байна.

Үйл ажиллагаа

3.2.1. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн төрөл, хэлбэрийн ангилалд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг амьдрах чадварын клуб, хөдөлмөр-сургалтын төв, бэлгийн боловсрол олгох кабинет, урлаг, спортын секц, дугуйлан байгуулан ажиллах санаачилгыг идэвхжүүлэх;

3.2.2. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш, эмч, сувилагч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны зуны дадлагыг “Оюутны сайн дурынхны (Хөдөлгөөн-Хэрэглээ-Хөгжилд туслагч) баг”-ийн хэлбэрээр явуулахад  дэмжлэг үзүүлэх;

3.2.3.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгэм, хамт олны дунд орох, эвлэлдэн нэгдэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор оюутны “Сайн дурынхны баг”-ийг хүүхэд хамгааллын болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад ажиллуулах асуудлыг дэмжих;

3.2.4.  Сум, дүүрэг, баг, хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд тэдний саналыг хүргэх “Хүүхдийн элч” ажиллуулах.

Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч болон хүүхдийн төлөө ажил, үйлчилгээ эрхэлдэг  ажилтны чадавхийг бэхжүүлнэ.

Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах хандлага, тэдний өмнө хүлээх хариуцлага бүх түвшинд нэмэгдэж хүүхдийн төлөө байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө дээшилнэ.

Үйл ажиллагаа

3.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээг бий болгох;

3.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зүй бусаар харьцах, үл хайхрах, залхаах, зодож шийтгэх, хүчирхийлэхийг хориглосон, үл тэвчсэн нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэн сурталчлах;

3.3.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар  нийгмийн болон хүүхдийн эрхийн ажилтан, багш нарт сургалт зохион байгуулж мэдээллээр хангах;

3.3.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар мэргэшүүлэх;

3.3.5.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог протез, ортопедийн туслах хэрэглэлийг засах, сэлбэх, шинэчлэх, ашиглах сургалт зохион байгуулдаг сургагч бэлтгэх;

3.3.6.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдыг нөхөн сэргээх эмчилгээний арга барилд сургах сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;

3.3.7.    Нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах хөтөлбөрийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулан мэдээлэл, туршлага солилцох уулзалт, зөвлөлгөөн, семинарыг тогтмол зохион байгуулах;
3.3.8.    Олон улсын чиг хандлагад нийцүүлэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төв, нэгдлийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “хөдөлгөөн засалч, ахуйн хэрэглээний сургагч, нийгмийн ажилтан, хэл засалч-сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч”-дийг багаар ажиллуулах менежментийг нэвтрүүлэх.

Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хөхиүлэн дэмжсэн нийгэм, соёлын таатай орчин бүрдүүлнэ.

Үр дүн.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцооны эрхийг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэгч байгууллага, хамт олон, иргэдийн санаачилга өрнөсөн байна.

А.  Эрүүл мэндийн салбараас үзүүлэх дэмжлэг

3.4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах эмчилгээнд ерөнхий болон тусгай аргачлал боловсруулан нэвтрүүлэх;

3.4.2. Хүүхдийн бэрхшээлийн өвөрмөц хэрэгцээнд шаардлагатай амин дэмээр баяжуулсан хоол тэжээлийг нэмэгдүүлэх, хоолны сувилал ажиллуулах санал, санаачилгыг дэлгэрүүлэх;

3.4.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэрэглэх зарим эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах;

3.4.4.    Эмнэлэг, сувилал, биеийн тамир, чийрэгжилтийн тасаг, кабинетаас бүрдсэн “Сэргээн заслын цогцолбор”-ыг бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд байгуулах санал боловсруулж улсын төсөв болон гадаад, дотоодын хандивлагчдын хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

3.4.5.    Хүүхдэд хөгжлийн хоёрдогч, гуравдагч бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол явуулах.

Б. Боловсролын салбараас үзүүлэх дэмжлэг

3.4.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтад ногдох хувьсах зардлын норматив хэмжээг нэмэгдүүлэх, цэцэрлэг, сургуулийн багшийн ажлын үнэлгээний хэлбэрийг өөрчлөх, урамшууллыг боловсронгуй болгож шинэчлэх;

3.4.7. Ердийн сургуулиас тусгай сургуульд шилжүүлдэг тогтолцоог тусгай сургуульд 3 хүртэл жил суралцаж зохих чадамж, чадварын боломжид хүрсэн сурагч ерөнхий боловсролын сургуульд шилждэг болгон өөрчлөх;

3.4.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд тэгш хамруулан сургах бодлогыг хэрэгжүүлж, тэдгээрийн сургууль завсардалтыг бууруулах;
3.4.9. “Сурагчийн өдрийн цай“ хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн витаминжуулалтын зардлыг нэмж тусгах асуудлыг судлах;

3.4.10. Хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан танхимын болон гэрийн сургалт хосолсон хөтөлбөр боловсруулах;

3.4.11. Хөгжлийн бэрхшээлтэй ахлах ангийн сурагчдыг гадаад хэл, компьютерийн сургалтад хамруулж, мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боловсролын байгууллагад суралцахад нь бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.4.12.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд зориулсан брайл, аудио, видео ном, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

3.4.13.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын онцлогт зориулсан бялдаржуулах буюу “Сэргээн засалт”-ын танхимыг орон нутагт байгуулах.

В. Нийгмийн хамгааллын салбараас үзүүлэх дэмжлэг

3.4.14. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах;

3.4.15. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барахад түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох асуудлыг судалж шийдвэрлэх;

3.4.16. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн гишүүдэд зориулсан зайны сургалтад дэмжлэг үзүүлэх;

3.4.17. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ бий болгох;

3.4.18. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ бэрхшээлийг сэргээн засах, авьяас, давуу талыг нь хөгжүүлэхийг дэмжсэн жижиг төслийг гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлыг дэмжих;

3.4.19. Асрамж, халамжийн төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аж байдалд тавьдаг хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох.

Г. Хууль зүйн салбараас үзүүлэх дэмжлэг

3.4.20.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Тунхаглал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох үндсэн зарчим, стандарт, дүрэмд нэгдэх асуудлаар судалгаа хийж, санал боловсруулах;

3.4.21.  Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж байдлыг сайжруулах, тэдний оролцоог хангасан саад тотгоргүй, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэх талаархи 10 жилийн /2003-2012 он/ үйл ажиллагааны хөтөлбөрийн үзэл санаа, агуулгын тайлбарыг хүүхэд, залуучуудад сурталчлах арга хэмжээ авах;

3.4.22.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, аж байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох.


Дөрөв. Дэд хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт


4.1.       Дэд хөтөлбөрийг хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг дараахь үе шаттай төлөвлөнө:

1 дүгээр үе шат 2006-2009 он;

2 дугаар үе шат 2010-2012 он.

4.2. Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

1) улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;

2) олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;

3) олон нийтийн санаачилгаар хуримтлагдсан хөрөнгө;

4) бусад эх үүсвэр.


Тав.  Дэд хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт


5.1.       Дэд хөтөлбөрийн үйл ажиллагаанд бүх салбарын оролцоог хангах, хамтын ажиллагааг зохицуулах үүргийг  Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хариуцна.

5.2.       Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газар гүйцэтгэнэ.

5.3.       Орон нутагт дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг бүх шатны Засаг даргаар удирдуулсан Хүүхдийн төлөө зөвлөл мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг Хүүхдийн төлөө үндэсний газарт жил бүрийн I улиралд багтаан тайлагнана.

5.4.       Хүүхдийн төлөө Үндэсний газар хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг нэгтгэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд жил бүрийн П улиралд тайлагнаж байна.


Зургаа. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
шалгуур үзүүлэлт


6. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь үзүүлэлтээр үнэлнэ:

6.1.       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн санал, үнэлгээнд үндэслэн гарсан шийдвэр, эрх зүйн актын тоо;

6.2.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд санал, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох арга, хэлбэрийн тоо;

6.3.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог сайжруулах асуудлаар бодлогын баримт бичигтэй ажилладаг байгууллагын тоо;

6.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин, дэд бүтэц бий болгосон байгууллагын тоо, түүнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;

6.5. Нийгмийн цогц суурь үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо.



-------оОо------