Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай

Хэвлэх

Хуулиуд - Нийгмийн даатгал

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ
ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр                                                                                                                                                                     Улаанбаатар хот

         1 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

         Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиуд /цаашид "Нийгмийн даатгалын тухай хуулиуд" гэх/-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

         2 дугаар зүйл. Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдах
         /Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

         3 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох

         Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна.
/Энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

         31 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ

         Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү байна.

/Энэ зүйлийг Монгол Улсын 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

         4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

         Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

                                           МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
                                           ДАРГА                                                                                                     Н.БАГАБАНДИ