МЭНДЧИЛГЭЭ

Print

News - New!

Эрдмийн их оргилд  тэмүүлэн яваа алдрай бяцхан үрс, оюутан залуусаа,

Эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэргэн багш нараа,  

Энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлэгч  хүндэт эцэг эхчүүдээ,

Эрдэм номын энэ их баярыг тохиолдуулан манай улсын хүүхэд, залуучууд, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнууд Та бүхэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

   Монголын төр, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлтгэж, хүндэтгэл ёслолоор дүүрэн угтдаг эрхэм баярын нэг нь жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр байдаг билээ. Өнөөдөр манай улсын цэцэрлэг, сургууль, коллеж, их, дээд сургуулиудад хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, монгол эх орон маань хүүхэд багачууд, оюутан залуучуудын инээд, баяслаар цалгиж, хичээлийн шинэ жил эхэлж байна. Эрдэм номын их аянд мордох гараа, дундрашгүй их мэдлэгийг олж авах цагийн эхлэл болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр эрдмийн дөрөөнд анх дөрөөлж нэгдүгээр ангид элсэн орж буй мянга мянган багачууддаа, ажил мэргэжлийн сонголтоо хийж оюутан хэмээх эрхэм алдрыг хүртэж буй олон зуун залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.  Бид хүүхэд, залуучуудынхаа хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогод тулгуурлан цогцоор нь шийдвэрлэхээр шаардлагатай бодлого, эрх зүйн шинэчлэлийг хийж байна.
    Хүүхдүүд та бүхэн Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг, шудрага журамтай, өрсөлдөх чадвартай “Зөв Монгол хүн” болж төлөвшихөд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, хичээл зүтгэлтэй байх нь хамгийн чухал юм. Боловсролын байгууллагын орчин бол бие биенээ хүндэтгэх, хамгаалах, хайрлах, туслах, хүмүүс хоорондын зөв харилцааны дээд илэрхийлэл байх учиртай. Тиймээс хүүхдийг гэр бүл, сургууль, нийгмийн бусад орчин болох зам, гудамж, талбай, олон нийтийн газарт аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр тэдэнд хүн бүр хүндэтгэлтэй, анхааралтай хандахыг нийт иргэддээ уриалж байна.
    Оюунлаг, чадварлаг, бүтээлч, шинэ эриний МОНГОЛ ХҮН-ийг төлөвшүүлэх гол цөм, тулах цэг нь болсон багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын ажилтнууд, хүүхэд багачууд, оюутан залуус Та бүгдэд эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эрхэм баян-эрдэм ном дэлгэрэх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ